fbpx
Skip to content Skip to footer

Таны арьс таны амьдралыг хамгаалагч

Арьс бол биеийн хамгийн том эрхтэн юм. Хүний арьс нь амьд биетийн хувьслын явцад хөгжин, газар дээрх хуурай орчинд амьдрах боломжийг бий болгосон аж.

Арьс нь өнгөн, жинхэнэ, өөхөн гэсэн гурван давхраанаас бүрдэнэ. Өнгөн давхраа нь гадаад орчинтой шууд харьцдаг арьсны хамгийн дээд давхраа юм. Энэ давхраа нь хэдийгээр 0.2 мм-ээс бага зузаантай ч хүний биед гадны аюултай бодис орохоос сэргийлж, биеийн ус чийгийг ууршихаас сэргийлж бидний бие махбод цаашлаад амьдралыг хамгаалж байдаг.

Хүүхдийн арьс эхийн хэвлийд бүрэлдэн тогтох үзэгдэл нь үнэхээрийн гайхалтай бөгөөд хүний арьс урт удаан хугацаанд хэрхэн хувьсаж өөрчлөгдөж ирснийг бидэнд харуулна. Бид ердөө хэдхэн сарын дотор хүн төрөлхтний сая сая жилийн хувьслын гэрч болж байгаа мэт. Амьдрал гэх гайхамшиг биднийг хэзээ ч гайхшируулж дуусашгүй биз ээ.

Хүүхдийн эмзэг арьс

Хэдийгээр нялх хүүхдийн арьсны бүтэц нь насанд хүрэгчдийнхтэй төстэй байдаг боловч зузаан нь ердөө түүний хагастай тэнцэхүйц байдаг. Дээрээс нь арьс нь өөрийгөө чийгшүүлэх, цочроох хүчин зүйлээс хамгаалахад шаардлагатай байгалийн чийгшүүлэгч хүчин зүйл (амин хүчил гэх мэт), эс хоорондын өөх тос, тослогийг бага агуулдаг. Үүний үр дүнд хүүхдийн арьс хуурайшилт, гаднын цочроогч хүчин зүйлүүдэд илүү өртөмтгий байдаг.

Хүүхдийн арьс том хүнийх шиг болтол 3-4 жил зарцуулдаг

Арьсны өнгөн давхрааны дээд давхаргыг эвэрлэг давхарга гэж нэрлэдэг. Энэ давхарга нь зузаан байх тусам арьсны чийг дамжуулалт багасаж (бие махбодоос гадагшлах усны хэмжээ) илүү сайн хамгаалагч болдог. Хүүхдийн эвэрлэг давхарга нь насанд хүрсэн хүнтэй адил хэмжээнд дотоод чийгшлийг хамгаалдаг болох хүртэл ойролцоогоор 3.5 жил шаарддаг.

Хүүхдийн арьс чийгшүүлэгч нэхэж байдаг

Хэдийгээр хүүхдийн арьс толигор чийглэг мэт харагдав ч өөрийгөө хамгаалах чийг болон тослог хангалттай агуулаагүй байх нь элбэг. Ээж нарын хүүхдийнхээ арьсны байдлыг үнэлсэн үнэлгээ, хүүхдийн арьсны бодит байдал хоёр ихээхэн зөрсөн байдаг болохыг зарим судалгаа тогтоосон байна. Хүүхдийнхээ арьсны гадаад төрх байдалд нь өнгөцөөр найдалгүйгээр арьсыг нь зөв арчлах чухал.

Доктор Хигүчигийн Зөвөлгөө

Нэг сартай 70 нялх хүүхдийн арьсны байдлыг судлахад хуурайшилттай байна гэсэн дүгнэлт гарсан. Тэдний нийт арьсны 97.1% нь чийгийн хувьд “хангалтгүй”, 42.1% нь тосны агууламжийн хувьд “хангалтгүй” байв.

Энэхүү дүгнэлтийг сонссон хэдий ч эхчүүдийн 80-аас дээш хувь нь өөрийнхөө хүүхдийн арьсны байдлыг үнэлэхдээ “хэвийн” гэж байв. Энэ том зөрүү нь ээж аав нар хүүхдийнхээ арьсыг зохистойгоор арчлаагүй байж болзошгүйг харуулж байгаа бөгөөд үүний үр дүнд хүүхдийн арьс хамгаалах чадвараа улам алдагдаж, арьсны асуудал үүсэж байж болзошгүй юм. Хуурай арьс нь гаднын бодисоос өөрийгөө хамгаалах чадвар муу тул янз бүрийн арьсны асуудал үүсэх магадлал өндөр байдаг.

Хүүхэд яагаад ихээр хөлөрдөг вэ?

Хөлрөх гэдэг хүн биеэсээ дулаанаа гадагшлуулах чухал физиологийн онцлог юм. Бидний хөлсний булчирхайн тоо төрснөөс хойш насанд хүртэл өөрчлөгддөггүй нь туйлын сонин. Нялх хүүхэд насанд хүрсэн хүнээс илүү их хөлөрч  харагддаг шалтгаан нь бяцхан биедээ том хүнтэй адил тооны хөлсний булчирхай агуулж байдагт байдаг.

Арьсан дээрх хэт их хөлс нь биеийн дулааныг алдагдуулах, арьсыг цочроох эрсдэлтэй. Тиймээс хувцсыг нь тогтмол солих, хөлсийг нь сайтар угааж өгөх чухал.

Түүнчлэн, хүүхдийн хөлс булчирхай нь бүрэн гүйцэд боловсроогүй байдгийг онцлох нь зүйтэй. Тиймээс хүүхдээ 2-3 нас хүртэл нь улирлын онцлогт тохирсон орчин нөхцөлөөр хангаж, хөлс хөлрөлтийг зохистойгоор арчлах нь чухал юм.