Skip to content Skip to footer

Ногооны хаан КЭЙЛ гэж юу вэ?

Ногооны хаан эсвэл супер хүнс гэгдэх КЭЙЛ гэж чухам ямар ногоо вэ?
Яагаад ийм айхтар цол нэрийг авсан юм бол?

Кэйл гэх ногоо

Кэйл нь байцааны овгийн (Brassicaceae) ургамал бөгөөд Газар дундын тэнгисийн бүс нутгаас гаралтай гэж үздэг. Европ, АНУ, Өмнөд Америкт өргөнөөр хэрэглэгддэг ба ногооны зах, супермаркетуудад бусад ногооны адил зарагдаж байдаг болно. Өдөр тутамд шинэ ногооны салат, шөл, ногооны хуурмаг, байцаатай ороомог зэрэг төрөл бүрийн хоолонд хэрэглэгдэн хоолны ширээн дээр үзэгдэх нь элбэг аж.

Кэйл нь байцааны төрлийн ногооны өвөг гэгддэг бөгөөд магадгүй тийм ч болохоор хувьсаж өөрчлөгдөхөөс өмнөхөөрөө шим тэжээлээр илүү баялаг байдаг аж. Орчин үед хүмүүст ихээр дутагдаж байдаг амин дэм, эрдэс бодис, ногооны эслэг зэрэг шим тэжээлээр хангаж чадах чанарыг нь үнэлэн “супер хүнс” гэх болсон ба суперээр зогсолгүй “ногооны хаан” гэх болжээ. Мөн биеийг залуужуулах, сэргээх чанартай учраас кэйл нь гоо сайханд тустай “иддэг гоо сайхны шингэн” гэгдэж бүсгүйчүүдийн анхаарлыг татаж байна.

Биширмээр шим тэжээл

Кэйл нь 26 төрлийн шим тэжээл (уураг, эслэг, 8 эрдэс бодис, 11 амин дэм, бусад 5) агуулдаг. Үүн дотроос залуужилтыг дэмжих полифенол, нүдийг хамгаалах лютеин, ясыг бат бөх болгон биднийг хүчтэй байлгах кальци гурвыг онцгойлон танилцуулья. 

Залуужуулах полифенол

Хүний биед бодисын солилцооны үр дүнд чөлөөт радикал гэх бодис үүсдэг ба эдгээр нь эсийн гэмтэл болон стресс үүсгэгч болж байдаг. Полифенол нь антиоксидант шинж чанар ихтэй буюу бие доторх радикал бодисыг саармагжуулах, хоргүй болгон хувиргах үйлчилгээ өндөр бодис юм. Полифенолыг тогтмол хэрэглэх нь биеийн залуужилтыг дэмжиж, хоол боловсруулах, зүрх судасны өвчин болон чихрийн шижингээс сэргийлэх, цаашлаад зарим төрлийн хорт хавдраас хамгаалдаг гэж үздэг.  Кэйл нь полифенол ихээр агуулдаг ба жишээ нь брокколигээс 1.6 дахин их байдаг. 

Нүдийг хамгаалах лютеин

Лютеин нь ногоон, шар өнгийн хүнсний ногоонд агуулагддаг органик пигмент юм. Лютеин нь нүдний торлог бүрхэвч дээр цусны эс доторхоос 10,000 дахин илүү хэмжээгээр төвлөрч, хүний юмыг тод харах чадварыг дэмжиж, хурц гэрлийн цочролоос нүдийг хамгаалж байдаг. Хүний биед өөрөө үүсдэггүй тул хоол хүнсээр дамжуулан нэмэлтээр авах шаардлагатай. Иймд хүн бүр дэлгэцийн хамааралтай болсон өнөө үед нүдний бүрхүүлээ хамгаалахын тулд онцгойлон анхаарах ёстой бодис юм. Кэйл нь лютеины үр дүнтэй эх үүсвэр бөгөөд бууцайнаас хоёр дахин их лютеин агуулдаг.

Яс бэхжүүлэх кальци

“Кальци” гэхээр бид сүү, цагаан идээнээс авахад л болно гэсэн төсөөлөлтэй байдаг. Гэтэл хоол хүнснээс хамааран хүн тухайн шим тэжээлийг шингээх чадвар харилцан адилгүй байдаг. Кэйл нь кальци ихээр агуулдгаас гадна, сүү болон бусад хүнстэй харьцуулахад кальцийг шингээх чадвар өндөр байдаг. Ижил навчит ногооны бууцайтай харьцуулахад 8 дахин их шингээлт сайтай байдаг байна.

26 шим тэжээл (100гр)

Кэйлийн шим тэжээлийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг танд хүргэж байна. Бусад ногоотой харьцуулж үзээрэй.