Жирэмсний язралтын арчилгаа
Жирэмсэн эхийн гэдэс томорч эхлэх үед бие махбодын өөрчлөлт явагдаж, түүнтэй зэрэгцэн олон асуудал гарч ирдэг. Хамгийн түгээмэл тохиолддог асуудлын нэг бол язралт юм. Жирэмсэн эмэгтэйчүүдийн 50-80 хувьд нь үүсдэг гэх язралт нь гэдэс томрохын хэрээр улам нэмэгдсээр байх болов уу, хүүхэд төрсний дараа алга болох болов уу гэх мэт асуултыг өөрийн эрхгүй бодогдуулна.
Язралт нь жирэмслэлттэй холбоотой биеийн хэлбэрийн хурдацтай өөрчлөлтийн улмаас арьс дээр гарч ирдэг хагарал хэлбэртэй зураас бөгөөд ихэвчлэн хэвлийн доод хэсэгт үүсдэг. Энэ зураас нь арьсны хэт суналтаас болж өнгөн давхрааны доорх жинхэнэ давхраа урагдсанаар үүсдэг.
Нийтлэлийн агуулга:
Язралтын талаарх түгээмэл асуултууд
Энэ хэсэгт язралтын талаар жирэмсэн ээжүүд асуудаг түгээмэл асуултуудад хариу өгөх болно.
Язралт хэзээ үүсэж эхэлдэг вэ?
Жирэмсний эхэн үед язралт үүсэх нь ховор бөгөөд жирэмсний 6 сараас эхлэн, ихэнх тохиолдолд жирэмсний 8 сартай үед үүсдэг. Зарим тохиолдолд бага зэрэг загатнах, хорсох шинж тэмдэг дагалддаг.
Язралтын зураас нь 2-5 мм өргөнтэй байдаг ба урт болсон үедээ бусад язралтын зураастай нийлж эхэлдэг. Эхэн үедээ улаан ягаан эсвэл ягаан өнгөтэй байдаг. Энэ нь арьсан доорх тоо томшгүй олон хялгасан судаснууд юм. Тодорхой хугацааны дараагаас хар хүрэн болдог ба хүүхэд төрсний дараа ихэвчлэн цагаан болж, харагдах байдал нь багасдаг. Гэсэн хэдий ч бүрэн алга болох нь ховор байдаг.
Язралт хаана үүсдэг вэ?
Язралт нь зөвхөн хэвлий дээр гарч ирдэг зүйл биш. Хөх, гуя, өгзөг, тааз хэсэгт мөн үүсдэг. Хүйсээс доошоо гарч ирдэг бараан шулуун зураас нь язралт биш болохыг анхаараарай. Энэ зураас нь бүх хүнд байдаг ба жирэмсэн эмэгтэйчүүдийн 70 орчим хувьд жирэмслэлтийн дунд үеэс тод бараан болдог. Язралтаас ялгаатай нь хүүхэд төрсний дараа энэ зураас нь ихэвчлэн алга болдог.
Язралт ямар хүн дээр илүү үүсдэг вэ?
Хуурай арьстай
Хуурайшил ихтэй арьс нь уян хатан чанар муу, гэдэс томроход хангалттай сунаж чаддаггүй тул амархан урагдаж язралт үүсдэг. Тиймд жирэмсэн үедээ арьсаа чийгшүүлэх нь язралтаас урьдчилан сэргийлэхэд маш чухал юм.
Жижиг биетэй ээж
Том биетэй хүмүүстэй харьцуулахад жижиг биетэй ээжийн хэвлийн арьс илүү ихээр сунах шаардлагатай болдог тул язралт илүү үүсдэг. Мөн жижиг биетэй хүний хувьд аарцгийн яс нь жижиг тул гэдэс нь томрох үедээ урагшаа товойх хандлагатай байдаг нь давхар нөлөөлдөг.
Өмнө төрсөн ээж
Өмнө төрж байсан ээж нарын арьс анх төрж буй ээж нарын арьснаас илүү зөөлөн бөгөөд уян хатан байдаг боловч илүү амархан урагдах хандлагатай болсон байдаг.
Орой төрөлт
Нас ахих тусам бидний арьс хуурайшиж, уян хатан биш болдог тул язралт үүсэх магадлал өндөр болдог.
Ихэр жирэмслэлттэй ээж
Ихэр жирэмслэлтийн үед гэдэс илүү их томрох шаардлагатай болдог тул арьс язралтад өртөмтгий байдаг.
Язралт үүсдэг шалтгаан
Өмнө дурдсанчлан жирэмсэн ээжүүдийн 50-80% -д язралт үүсдэг ба язралтын тодорхойлолтоос хамааран 40% хүртэл гэсэн статистик мөн харагддаг. Хэвлийн арьсны жижиг хагарал болон бусад газрын язралтыг оруулж тоолж байгаа эсэхээс хамаарч харилцан адилгүй тоо гарч байдаг.
Язралт нь жирэмслэлттэй холбоотой үндсэн хоёр физиологийн өөрчлөлтөөс болж үүсдэг ба түүний механизмын талаар нарийвчлан авч үзье.
Биеийн хэлбэрийн хурдацтай өөрчлөлт
Жирэмслэлттэй холбоотой биеийн хэлбэрийн хурдацтай өөрчлөлтөд арьс бүрэн тэсвэрлэж чадаагүйн улмаас арьсны өнгөн давхрааны доорх жингэнэ давхрааны эд эс урагдсанаар үүсдэг болохыг дурдсан билээ.
Арьс нь өнгөн, жинхэнэ, өөхөн гэсэн гурван давхраанаас бүрддэг. Өнгөн давхраа нь арьсны гадаргууг бүрхэж, гаднын биет, өдөөлтөөс биеийг хамгаалдаг маш нимгэн давхраа юм. Энэ давхраа нь маш уян хатан байдаг. Түүний доор байх жинхэнэ давхраа нь өнгөн давхраанаас 15-40 дахин зузаан бөгөөд коллаген, гиалуроны хүчил зэргийг агуулдаг зөөлөн давхраа юм. Энэ давхраа нь гаднаас ирэх хүчийг зөөллөж багасгах үүрэг гүйцэтгэдэг. Хэдий дарах хүчний эсрэг зөөлөн чанартай боловч бүтцийн хувьд хэвтээ тэлэлт, суналт хийх чадвар сул байдаг.
Жирэмсний үед хэвлийн хэсэг томрох нь язралт үүсдэг цор ганц шалтгаан биш юм. Эхийн бие ургаа хамгаалахын тулд арьсны өөхөн давхраа илүү зузаан болдог ба ингэснээр өнгөн болон жинхэнэ давхраа нь ердийн үеэсээ сунасан байдалтай болдог тул урагдах магадлал илүү өндөр болсон байдаг.
Дааврын өөрчлөлт
Жирэмсэн үед кортикостероид даавар их хэмжээгээр ялгардаг тул арьсны уян хатан чанар багасаж, илүү амархан урагддаг болдог. Кортикостероид даавар нь арьсны төлжилт болон уян хатан чанарыг бий болгодог коллагены бие доторх үйлдвэрлэлтийг дарах нөлөө үзүүлж байдаг.
Язралтаас сэргийлэх арга хэмжээ
Нэгэнт үүссэн язралтыг арилгах нь маш хэцүү тул язралт үүсэхээс өмнө урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах нь чухал юм. Хүүхэд төрсний дараа язралтын тэмдгүүд нь ихэвчлэн цагаан болсноор харагдах байдал нь багасдаг боловч арьсны гүн гэмтэл тул ихэнх тохиолдолд арилалгүй сорви үлддэг.
1. Огцом жин нэмэлтээс сэргийлэх
Арьсан доорх өөх ихсэх тусам язралт үүсэх магадлал өндөр болдог. Эмэгтэй хүн жирэмсэн болоход ургаа хамгаалахын тулд хэвлийн арьсны өөхөн давхраа зузаардаг. Үүний дээр жин огцом нэмэгдвэл өөхөн давхраа бүр илүү зузаан болдог гэсэн үг. Хоолоо зохицуулж идэхээс гадна алхах гэх мэт хөнгөн дасгал хөдөлгөөн хийгээрэй.
Мөн хэвлийг дэмжигч бүс хэрэглэснээр арьс сунахаас сэргийлэх арга бий. Үүнийг хэрэглэхдээ эх барих эмч, эх баригчаас зөвлөгөө аваарай.
Жирэмсний үед ураг, ихэс, амнион шингэн, цус, арьсны өөхөн давхрааны зузааралт зэргээс шалтгаалан жин нэмэгдэх нь зайлшгүй зүйл боловч жингээ зохих хэмжээнд байлгах нь чухал юм. Эхийн энгийн үеийн жингээс хамаарах боловч дунджаар долоо хоногт 500 граммаас илүүгүй жин нэмэхийг зориорой. Өлссөн үед дотор муухайрснаас болоод хэтрүүлж идэх тохиолдол байдаг ба ийм шинж тэмдэг илэрч буй ээж нар ялангуяа анхааралтай байх хэрэгтэй.
2. Арьсаа чийгшүүлэх
Язралтаас урьдчилан сэргийлэхэд арьс арчилгаа маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Арьс хуурайшиж, суналт муудвал язралт үүсэх магадлал өндөр болдог. Жирэмсний тос зэрэг чийгшүүлэгч чанар өндөр бүтээгдэхүүнийг язралт хийх магадлалтай хэсэгт (хэвлий, хөх, гуя, хонго, гарын дээд хэсэг гэх мэт) түрхэж хуурайшихаас сэргийлж, арьсаа сайтар зөөлрүүлээрэй. Усанд орсны дараа болон түүнээс гадна нэгээс хэд хэдэн удаа чийгшүүлэгч шингэн, тос түрхэхийг зөвлөж байна.
3. Арьс арчилгаа эрт эхлүүлэх
Жингээ барих, чийгшүүлэх зэрэг язралтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг аль болох эрт эхлүүлэн арьсаа уян хатан болгоход анхаараарай. Язралт үүсэх магадлал өндөр байдаг 6-8 дахь сараас өмнө, хэвлий аажмаар томрох жирэмсний 4-5 сартайгаасаа эхлүүлэхийг зөвлөж байна.
Хамгийн гол нь эрт эхлүүлэх
Энэхүү нийтлэлээр жирэмсний язралт хэрхэн үүсдэг, хэрхэн арчилж урьдчилан сэргийлэх талаар тодорхой ойлголттой болсон гэж найдаж байна. Хэрэв та язралтын талаар санаа зовж байгаа бол аль болох эрт арга хэмжээ авах хэрэгтэй. Арьсаа чийгшүүлж, хуурайшихаас сэргийлэх нь хамгийн чухал юм.
Жирэмсэн эхийн эмзэг арьсанд зориулсан хүчиллэг бага, цочроо өгдөггүй, нэмэлт бодис агуулаагүй жирэмсний тос хэрэглээрэй. Жирэмсэн үед үнэрт мэдрэмтгий болсон байдаг тул үнэргүй тос авахыг бодоорой. Мөн төрсний дараа нярайн арьс арчилгаанд ч давхар хэрэглэж болохуйц тос байвал сайн шүү.
Жирэмсэн эхийн тос
Жирэмсэн болон төрөөд удаагүй үеийн эмзэг арьсанд төдийгүй дөнгөж төрсөн нярай хүүхдэд ч хэрэглэж болох нэмэлт бодисгүй, хүчиллэг бага, харшил үүсгэдэггүй тусгай найрлагаар хийсэн. Силикон хэрэглээгүй мөртлөө арьсанд сайн уусч, амархан тархдаг, наалдамхай чанар багатай зөөлөн толигор тос юм.
Жирэмсэн эмэгтэйчүүд үнэрт мэдрэмтгий байдгийг харгалзан үзэж уг бүтээгдэхүүнийг үнэргүй байлгахад онцгойлон анхаарсан.
- Нэмэлт бодис ороогүй: Газрын тосны гаралтай өнгөц идэвхтэй бодис, газрын тосны гаралтай тос, силикон, парабен нөөшлөгч, этанол спирт, синтетик үнэр болон өнгө оруулагч